News Release

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 13 СУМЫН 20 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ ГАРДУУЛЛАА

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийг дэмжих, дотуур байрны суралцагч хүүхдүүдийн сурч, хөгжих орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэрлийн байгууллага болох “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагаас Өвөрхангай аймгийн боловсролын байгууллагуудад шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлийг гардуулах арга хэмжээ 4 сарын 2-нд зохион байгуулагдлаа.

Аймгийн Боловсролын газраас хийсэн хэрэгцээ, шаардлагын судалгаанд үндэслэн Өвөрхангай аймгийн 13 сумын 20 сургууль, цэцэрлэг шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж болон зөөлөн эдлэлээр хангагдсан юм. Энэхүү тусламж дэмжлэг нь хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд халуун хоол, унд, үйлчилгээгээр тогтмол хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болсон юм.

Мөн уг арга хэмжээний хүрээнд өмнө нь хүмүүнлэгийн төслийн тусламжаар тоног төхөөрөмж, бусад хэрэгслээр хангагдсан Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэгт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нарангарав болон “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөгчид зочлон, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа:

“Энэ дэмжлэг нь манай цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд үнэхээр бодит хувь нэмэр оруулж байна. Хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд халуун хоол, ундаар хангах боломж бүрдэж, багш, ажилчдын ачаалал ч мэдэгдэхүйц хөнгөрсөн”
хэмээн онцолсон юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь дэлхийн олон оронд, тэр дундаа Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, цэвэр ус, гамшгийн тусламж зэрэг салбарт урт хугацааны, тогтвортой хүмүүнлэгийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаагийн тусламж нь хүүхэд бүр анхаарал халамжтай орчинд сурч боловсрох боломжтой байх ёстой гэсэн Сүмийн итгэл үнэмшил, үйлчлэлийн зарчмыг бодитоор хэрэгжүүлсэн ач холбогдолтой ажил боллоо.